ENGMNG

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зорилго

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зорилго:

  • Үйлдвэрчний эвлэл нь ажилтан, ажилчдын эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан байнгын ажиллагаатай ардчилсан байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн зорилго нь гишүүдийнхээ ажиллах нөхцөл, баталгааг хангах, эрх ашгийг хамгаалахад чиглэнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

  • захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж, хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих;
  • хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн оролцох;
  • хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон Монгол улсын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, тэдгээрийг сахин биелүүлэхийг захиргаанаас шаардах;
  • хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгох, гэрээг цуцлахыг шаардах;
  • хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны санаа, бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх;
  • гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;
  • хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон аливаа асуудлыг ажилтан, ажилчдаар хэлэлцүүлэхийг санал болгох буюу гишүүдээрээ бие даан хэлэлцүүлэг зохион байгуулах;
  • үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдээллийг захиргаанаас гаргуулан авах;

Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх арга зам:

  • Ажлын байран дээр ажилтан, ажилчдын эрх ашгийг хамгаалах;
  • Ажилтан, ажилчдын ажлын нөхцөлийг нь сайжруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах, захиргаанд саналаа уламжлах;
  • Аливаа зүйлийг бүгдээр хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх;
  • Амьдралын нь нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх;
  • Нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгсэл, нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх зэрэгт оршино.

Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үнэхээр хэрэгтэй юу?

  • Ажилтан, ажилчид ажил олгогч нарт өөрсдийн нийтлэг шаардлагаа тавьж, шийдвэрлүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Энэ зорилгын үүднээс ажилтан, ажилчдын тэмцлийн хэрэгсэл нь ҮЭ байх юм.
  • Ажлын нөхцөлөө сайжруулах, ажилчдын эрх ашгийг хамгаалсан хууль тогтоомж батлуулах, мөн эзний зүгээс тэдний эрх ашигт харшлан хохироосон үйл ажиллагаа явуулахын эсрэг ганц нэгээрээ тэмцээд ямар ч үр дүнд хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой.
  • Хүчтэй эвсэл байж ажил олгогчид өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаална.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан