"Байгууллагын сэтгэл судлал" мэргэжил

  • ШУТИС БуХС-ийн Нийгмийн ухааны салбараас 2020-2021 оны хичээлийн жилд “Байгууллагын сэтгэл судлал” чиглэлээр бакалаврын хөтөлбөрийг D031301 индекстэйгээр, магистрын хөтөлбөрийг судлаач болон мэргэжлийн гэсэн хоёр төрөлтэй E03130101 индекстэйгээр Монголд анх удаа шинээр нээгээд байна. Манай хөтөлбөр нь нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага, орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, сургууль болон багш нарын давуу талд тулгуурлан боловсруулагдсан. 
  • Бакалаврын сургалтад сэтгэл судлалын шинжлэх ухааны өндөр мэдлэг, ур чадвар бүхий ажлын туршлагатай профессор, багш нар хичээл заах бөгөөд багшлах бүрэлдэхүүний 75 хувь докторын зэрэгтэй.
  • Манай хөтөлбөрийн багш нар “Сэтгэл зүйн лаборатори” ажиллуулдаг бөгөөд оюутнууд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэц оношилгоо хийж дадлагажих боломж бүрдсэн.
Хөтөлбөрийн зорилго
Сэтгэл судлалын шинжлэх ухааны ололт, амжилтыг хувь хүн, байгууллага, хамт олны хүрээнд амжилттай хэрэгжүүлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, судалгаа шинжилгээний ажил явуулах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга зүйг ашиглах, багаар хамтран ажиллах болон харилцааны өндөр ур чадвар бүхий мэргэжлийн ёс зүйтэй мэргэжилтэн болон судлаач бэлтгэхэд оршино.
Мэргэжлийн зориулалт
Байгууллагын сэтгэл судлал мэргэжлээр төгсөгч нь сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын болон хэрэглээний мэдлэгтэй, сэтгэц оношилгооны орчин үеийн онол арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын технологи,  техникийг эзэмшсэн, байгууллага, хамт олон, хувь хүнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлнэ.  
Мэргэжлийн тодорхойлолт:
Байгууллагын сэтгэл судлаач нь ажилтнуудын сурч, хөгжих хэрэгцээг судлан илрүүлэх, төлөвлөх, ажилтныг сэдэлжүүлэх, чадваржуулах, бүлэг, хамт олны дунд эерэг хандлага, уур амьсгал бүрэлдүүлж, нэгдэл нягтралыг сайжруулах, ажлаас үүдэлтэй стресс, бухимдал, уур уцаарыг зохицуулах зэрэг байгууллага, хамт олонд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн хүний нөөцийг  оновчтой бүрдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтныг урамшуулах, удирдлагын багийг чадваржуулах, ажилтныг ёс зүйтэй, зөв хандлагатай болгох, ажлаас авах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг байгууллагын олон талт зорилгыг ханган ажиллана.     
Мэргэжлийн хэтийн төлөв:
Байгууллагын сэтгэл судлаач олон улсад хамгийн эрэлттэй 100 ажлын 46, мөн шинжлэх ухаанч хөдөлмөрийн 2, STEM ажлын (STEM - science, technology, engineering or math) 20 дугаарт эрэмбэлэгдэж байгаа ирээдүйтэй мэргэжил юм. Ирээдүйд технологи улам хурдацтай хөгжиж, хүмүүсийн амьдралын хэв маяг, үнэт зүйл,  хандлага,  хөдөлмөрийн орчин, нөхцөл ихээхэн өөрчлөгдөх тул байгууллагын сэтгэл судлаачийн эрэлт хэрэгцээ улам ихээр нэмэгдэнэ.

Мэргэжилтний ажиллах салбар, байгууллага:
  • Төрийн байгууллага
  • Хувийн хэвшлийн байгууллага
  • Олон улсын байгууллага
  • Төрийн бус байгууллага, холбоод
  • Бизнесийн байгууллага
  • Үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд
  • Сургууль, боловсролын байгууллага
  • Хүчний байгууллага
  • Эмнэлэг
Хөтөлбөрийн  багшлах бүрэлдэхүүн:
 
Салбарын эрхлэгч
Я.Төгөлдөр                  Доктор (Ph.D), дэд профессор
 
Профессор
Б.Долгор                      Доктор (Ph.D), профессор

Хөтөлбөр хариуцсан дэд профессор       
Н.Ариунтуяа                Доктор (Ph.D), дэд профессор
 
Ахлах багш
Д.Цогзолмаа                Доктор (Ph.D), дэд профессор
Ж.Нямаа                      Доктор (Ph.D), дэд профессор
А.Нарангэрэл              Доктор (Ph.D)
 
Багш
Д.Юмжирмаа               Магистр
Д.Цэлмэг                      Магистр
Ж.Буянхишиг               Магистр