"Төрийн удирдлага" мэргэжил

1998 онд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль (одоогийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль)-д “Төрийн захиргааны менежмент (D340200) мэргэжлээр анхны элсэлт авч эхэлсэн. 2014 оноос дээд боловсролын салбарт хэрэгжүүлж эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн бодлогын хүрээнд БШУ-ны сайдын А/78 тоот тушаалаар мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлагдсантай уялдан “Төрийн захиргааны менежмент” мэргэжил нь 2017 оноос “Төрийн удирдлага” (D041303) хэмээн өөрчлөгдсөн юм. Энэ хугацаанд 200-гаад бакалавр, 90 гаруй магистрын зэрэгтэй мэргэжилтэн төгсгөсөн бөгөөд одоо тус хөтөлбөрт 95 бакалавр, 31 магистрант, 2 докторант оюутан суралцаж байна.
“Төрийн удирдлага (Төрийн захиргааны менежмент)” хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2014 оны 09 сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн. Цаашид манай хамт олон сургалтын чанар, үр дүнг олон улсын жишигт хүргэх зорилгоор хөтөлбөрийн “Олон улсын магадлан итгэмжлэл”-д орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хөтөлбөрийн зорилго:
Нийтийн удирдлагын хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулийн “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм зорилгыг иш үндэс болгон нийтийн төлөөх бодлого, онол, арга зүйн мэдлэг; нийтийн алба, нийтийн ажил үйлчилгээний практик ур чадвар; өргөн хүрээний мэдлэг бүхий дээд боловсролтой иргэн бэлтгэхэд оршино.
 
Мэргэжлийн зориулалт:   
Төв, орон нутгийн нийтийн захиргааны бүх шатны байгууллагад удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг чанартай шуурхай хүргэх, цахим засаглалаар дамжуулан нийгмийн харилцааг хангаж ажиллана.
 
Мэргэжлийн тодорхойлолт:
Нийгмийн болон хууль эрх зүй, менежментийн  шинжлэх ухааны олон талын мэдлэг чадвар, дадал эзэмшсэн төрийн удирдлагын асуудлыг тодорхойлох, томъёолох, стратеги төлөвлөлт боловсруулах, зохион байгуулах, эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах болон хэрэглэх, асуудал   шийдвэрлэх, хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай, харилцааны соёлтой төрийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэн гаргана.
 
Мэргэжилтний мэдлэг:
Төрийн удирдлагын онол, төрийн бодлого судлал, иргэний нийгэм, нутгийн удирдлага, төрийн алба ёс зүй, төр-нийтийн захиргаатай холбогдох хууль эрх зүй, улсын төсөв, төрийн санхүүгийн талаарх онол, практикийн мэдлэгийг эзэмшинэ.
 
Мэргэжилтний чадвар:
Төрийн удирдлагын мэргэжилтэн нь удирдан зохион байгуулах, төлөвлөлт хийх, хяналт тавих, манлайлан удирдах, бодлогын баримт бичиг боловсруулах, асуудалд дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшинэ.
 
Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Төрийн удирдлагын мэргэжилтэн нь удирдлагын шинжлэх ухааны болон нийгэм-эдийн засгийн өргөн мэдлэгтэй, иргэд олон нийттэй харилцах чадвартай, удирдлагын эв дүй арга барилд суралцсан, мэргэжлийн ёс зүйтэй, гадаад хэлний мэдлэг, мэдээллийн технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн байна.
Мэргэжлийн хэтийн төлөв:
Дэлхий нийтийн чиг хандлага, манай улсын хүмүүнлэг иргэний нийгэм цогцлоон байгуулах нийгмийн зорилт, цахим засаглалын нөхцөл байдалтай уялдан төрийн захиргаа - бизнес - иргэний нийгмийн байгууллага - олон улсын төсөл хөтөлбөрт ажиллах боломжтой, ирээдүйтэй мэргэжлийн тоонд зүй ёсоор багтаж байгаа.
 
Мэргэжилтний ажиллах салбар, байгууллага:
  • Төрийн улс төрийн алба
  • Төрийн захиргааны алба
  • Төрийн үйлчилгээний алба
  • Төрийн болон орон нутгийн байгууллага, төсөвт байгууллага
  • Төрийн болон орон нутгийн үйлдвэрийн газруудын захиргааны алба 
  • Шинжлэх ухаан, судалгааны байгууллага, боловсролын байгууллагууд
  • Улс төрийн намуудын ажлын алба
  • Иргэний нийгмийн байгууллагууд
  • Худалдаа арилжааны бус байгууллагууд гэх мэт.
 Хөтөлбөрийн  багшлах бүрэлдэхүүн:
Салбарын эрхлэгч
           Я.Төгөлдөр               Доктор (Ph.D), дэд профессор
Профессор
           Б.Долгор                    Доктор (Ph.D), дэд профессор
Зөвлөх профессор
           Ж.Болдбаатар           Доктор (Sc.D), профессор, Академич
Хөтөлбөр хариуцсан дэд профессор         
            Д.Одмаа                    Доктор (Ph.D), дэд профессор 
Ахлах багш   
            Д.Цогзолмаа             Доктор (Ph.D), дэд профессор
            Ж.Нямаа                   Доктор (Ph.D)
            А.Болормаа              Магистр 
            Т.Нямдулам              Магистр
            А.Оюунгэрэл             Магистр
            Г.Солонго                  Магистр