ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгов

: Мэдээ : 2021-09-07 15:47:56
 
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар  БУХС-ийн ахмад багш М.Оюунцэцэгт ШУТИС-ийн “Хүндэт  профессор” цол олгохоор шийдвэрлэсэн.
Хүндэт цол олгох үйл ажиллагаа 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр болсон бөгөөд арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал,  БУХС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар оролцлоо.
ШУТИС-ийн “Хүндэт  профессор” цолыг Монгол улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, боловсролыг хөгжүүлэхэд төдийгүй тус их сургуулийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмүүдэд олгодог бөгөөд цолны өргөмжлөлийг ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал академич, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал, БУХС-ийн захирал доктор (Ph.D) дэд профессор А.Энхбат нар гардуулж, Монгол улсын гавьяат багш доктор (Sc.D), профессор  Г.Батхүрэл, Монгол улсын гавьяат багш доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, БУС-ын профессор, доктор (Ph.D) Б.Энхтуяа нар баяр хүргэж үг хэллээ.
      ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртсэн М.Оюунцэцэг нь багшлах хугацаандаа үйлдвэрлэл практикт арав гаруй ажил нэвтрүүлж, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллэг гуч гаруй, сурах бичиг, гарын авлага арав гаруйг эмхэтгэн гаргаж, оюутнуудын хүртээл болгожээ. Мөн зах зээлийн нөхцөлд бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын шинэ технологи нэвтрүүлэх, хичээлийн заах арга барилыг өөрчлөн шинэчлэхэд өөрийн хүч авьяасыг дайчлан ажилласан ахмад багш нарын нэг билээ. Хүндэт профессор М.Оюунцэцэг нь Бизнесийн удирдлагын салбарт 3500 орчим оюутанд бакалавр, 425 оюутанд магистрын сургалт явуулж, нийт 90 гаруй оюутны бакалаврын болон магистрын төгсөлтийн ажил удирдаж төгсгөжээ.
            Хүндэт профессор М.Оюунцэцэг багш нь багшлахын зэрэгцээ хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн удирдах болон эдийн засгийн мэргэжилтнүүдийн математик, статистик боловсруулалт хийх чадавхыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр, төсөл боловсруулахад санаачилгатай ажиллаж иржээ. Тэрбээр “Улаанбаатар хивс” ХХК, “АПУ” ХХК, “Сэлэнгэ гурил тэжээл” ХХК, АМХЭГ-ын үнэлгээ, оношилгоо, АХБ-ны “Хүнс тэжээл”-ийн төсөл хөтөлбөрүүдэд  бизнес төлөвлөгөө хийх, төсөл боловсруулах багт амжилттай ажилласныг хамт олон нь онцлон дурьдаж байв.
            Хүндэт профессор М.Оюунцэцэг нь ШУТИС-ийн КТМС, БУХС-ийн эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцдаг бакалавр оюутнуудын дунд “Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний бага хурлыг 1992 оноос өнөөг хүртэл 28 жил тасралтгүй ивээн тэтгэж, зохион байгуулж ирсэн. Уг эрдэм шинжилгээний хурал нь эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр оюутан бэлтгэдэг их, дээд сургуулиудыг оролцуулахаас гадна ОХУ болон БНХАУ-ын оюутнууд хамрагдах болсон нэр хүндтэй уралдааны нэг болон өргөжжээ.
ШУТИС-ийн Хүндэт профессор, БУХС-ийн ахмад багш Мижидийн Оюунцэцэг танд сургууль, хамт олныхоо өмнөөс дахин баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 
БУХС-ийн Эрдмийн зөвлөл
БУХС-ийн Захирлын зөвлөл