“INTRODUCING V4 FORMATION TO MONGOLIA" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ГУРВАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

: Мэдээ : 2021-12-09 15:55:01
 
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль болон Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамуудтай хамтран 2021 оны 12 дугаар сарын 06-ний өдөр тус сургуулийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд багш, оюутнуудад зориулсан “Introducing V4 Formation to Mongolia" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
       Тус уулзалтыг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Энхбат, БНУУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол судлаач, доктор Borbala Obrusanszky нар нээн үг хэллээ.
Элчин сайд Борбала Обрушенски “Вышргад 4-ийн хамтын ажиллагаа”,  БНПУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристоф Божко  (Krzysztof Bojko) “Polish–Mongolian relations”, БНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жири Бродски (Jiri Brodsky) “Czech foreign policy after 1989” сэдвээр тус тус илтгэл тавьж, чөлөөт ярилцлага өрнүүлэн эрдэмтэн, судлаачид, багш, оюутны сонирхсон асуултад хариулт өглөө.
       Элчин сайд Кристоф Божко 1247 онд Ромын Папаас Их Монгол улсын Эзэнт гүрэнд илгээсэн элч төлөөлөгчдийн багт орчуулагчаар явсан санваартан Бенедикт Полак нь Монгол оронд ирснээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн эхлэл болсон тухай, цаашид Монгол судлалд тодорхой үүрэг гүйцэтгэсэн Польш хүмүүсийн талаар онц сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь багш, оюутнуудын анхаарлыг ихэд татсан юм.
Харин БНЧУ-аас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайд Жири Бродски “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гагцхүү үйлдвэрийн ажилчид солилцох төдий бус, шинжлэх ухаан, технологийн салбар, тэр дундаа ШУТИС-ийн түвшинд түлхүү хамтран ажиллаасай” хэмээн онцлон дурдаад, Монгол Улсын ШУТИС-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 
 
 
ШУТИС-ИЙН БУХС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН АЛБА