Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

: Мэдээ : 2022-06-06 15:06:05
2022.06.03-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Говийн байгаль, түүхийн музейтэй ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Говийн байгаль, түүхийн музейн захирал Ц. Отгонтуяа болон ШУТИС-ийн БуХС-ийн захирал А. Энхбат, Эрдэмтэн нарийн бичгийн дарга О. Болормаа  нар оролцлоо.
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль нь “Говийн байгаль, түүхийн музей”-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын  үсэг зурсан анхны байгууллага боллоо. Санамж бичгийн хүрээнд соёлын өвийн хадгалалт хамгаалалт, баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр дээр хамтарч ажиллах, орон нутгийн удирдлагын санаачлагаар соёлын өв, музейн үзмэр, дэглэлт, хадгалалт хамгаалалтын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, семинар хамтран зохион байгуулах, олон нийтэд  хандсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, музейн үзмэрийг сэргээн завсарлалтын хүрээнд хоёр байгууллагын музейн ажилтнууд болон багш нараар удирдуулсан судалгааны ажлуудыг төлөвлөх, зохион байгуулах ажлуудыг хийхээр тусгалаа. Говийн байгаль, түүхийн музейг олон нийтэд сурталчилах, видео контент хийх, нэвтрүүлэг бэлтгэх, тус байгууллагуудын санаачлагаар төрийн удирдлага, менежмент, аялал жуулчлал, олон нийттэй харилцах, байгууллагын сэтгэл судлалын чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах мэргэжил дээшлүүлэх, дадлагажих сургалтуудыг харилцан зохион  байгуулах ажлыг уулзалтын үеэр нарийвчлан ярилцаж, тус музейн үйл ажиллагаатай танилцав.